Говь-Алтай /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль дэргэдээ лаборатори бүхий эмнэлэгтэй боллоо.
Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал М.Банзаагааяа: -“Манай хамт олон сургуулийнхаа дотоод нөөц бололцоонд тулгуурлан сургуулийнхаа дэргэд шинэ эмнэлэг, лабораторийг байгууллаа. Сургууль маань материаллаг бааз болон боловсон хүчний хувьд бүрэн бэлтгэгдсэн учир ийнхүү эмнэлгээ байгуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болж үүд хаалгаа нээгээд байна. Эмнэлгийн хүчин чадлын тухайд өөрийн аймаг болон хил залгаа аймгуудын ард иргэдэд эрүүл мэндийн бүхий л тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой. Эмнэлэг таван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тухайлбал, Уламжлалт анагаах ухаан, Дотрын өвчин судлал, Мэдрэлийн өвчин судлал, Хүүхэд, Эх барих эмэгтэйчүүд гэсэн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Харин лабораторийн тухайд сургуулийн болоод төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан” хэмээн онцлон танилцууллаа.
Түүнчлэн тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тухайд Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн эмч нар ажиллаж байгаагаараа онцлогтой юм. Мөн орон нутагтаа эмнэлзүйн чиглэлээр мэргэшсэн, салбартаа туршлагатай эмч нар үйлчилгээ үзүүлэх ажээ. Тодруулбал, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор Л.Жавзмаа Хүүхдийн эмч С.Жаргахсайхан нарыг дурдаж болох юм.
Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь өөрийн аймгийн болоод бүс нутгийнхаа эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэдэг төрийн өмчийн сургууль юм. 10 мянга орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэсэн бөгөөд өнөө жилийн тухайд 80 гаруй багш, ажилтан, 900 гаруй оюутан суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай захирал М.Банзаагааяа танилцуулав. Тус хамт олон сургалт, эмнэлзүй, эрдэм шинжилгээ хосолсон аргаар сургалтын үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой.